“Монголын их, дээд сургуулиудын оюутны байгууллагын тэргүүнүүдийн анхдугаар чуулга уулзалт” боллоо

Дотоод хэргийн их сургуулийн Сонсогч, суралцагчдын холбооноос  “Монголын их, дээд сургуулиудын оюутны байгууллагын тэргүүнүүдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа.

Өнгөрсөн жил Монголын их, дээд сургуулийн захирлуудад зориулсан “Боловсролын чанар-удирдлагын манлайлал” сургалтыг Дотоод хэргийн их сургууль  дээр амжилттай зохион байгуулсан.  Энэхүү сургалтын үргэлжлэл болгон их сургуулийн Сонсогч, суралцагчдын холбоо санаачлан тус чуулга уулзалтыг  зохион байгуулж байна.

Оюутны чуулга уулзалт нь Монголын нийт их, дээд сургуульд суралцдаг мянга мянган оюутан залуусын төлөөлөл болсон оюутны холбоо, зөвлөлийн тэргүүнүүд оролцож, оюутан залууст нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх, өөрсдийн дуу хоолойгоо холбогдох төрийн албан тушаалтнуудад хүргэж эрх ашгаа хамгаалах зорилготой юм.

Чуулга уулзалтын үеэр автобусны “U money” картын 22 удаагийн даралтыг 44 болгон нэмэх асуудлаар Нийслэлийн боловсролын газар болон “UB SMART” карт ХХК, сургалтын төлбөрийн “Нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын буцаан олголтыг шийдвэрлүүлэхээр Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудыг урин оролцуулж, санал солилцов.

Чуулга уулзалтаар хойшдын чиг хандлагаа шинээр тодорхойлох нь цаашдын амжилт бүтээлийн эх ундарга болж, оюутан залуусын хэлэлцэн шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн хүсэлт эцсийн дүндээ оюутнууд сурч боловсрох илүү өргөн боломжийг нээхэд чиглэж байна.  

Хэлэлцүүлгийн төгсгөлд оюутан залууст тулгамдаж буй асуудал, тэдний эрх ашгийг хөндсөн асуудлуудыг тодорхойлж зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.

                                                        СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Буцах