“Монгол Улсын баатар, эх оронч Самдангийн Төмөрбаатар” номын нээлт болов

Тэртээ 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгаралтад оролцож, алдар гавьяагаа мандуулсан “эх оронч” Самдангийн Төмөрбаатарын номын нээлт 2010 оны 07 дугаар сарын 01-нд Монгол цэргийн музейд боллоо.

Номын нээлтэд ХХЕГ-ын удирдлага, Монгол Улсын баатруудын “Үхэвч үнэн холбоо” ТББ, УИХ-ын гишүүн асан С.Ламбаа, хошууч генерал П.Сүндэв, баатрын удирдлага дор ажиллаж байсан ахмад хилчид, баатрын үр хүүхэд, төрөл төрөгсөд, хилчин докторуудын төлөөлөл оролцов.

Номын зохиогч, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хил судлалын төвийн эрхлэгч, доктор, хурандаа Ж.Өвгөнбүргэд нээлтийн ажиллагаанд зориулан үг хэлэхдээ “1936 оноос “Япон, Манж-го Улсын цэргүүд Монгол Улсын хилийг удаа дараа зөрчиж, өдөөн хатгалга хийх тэр л үеэс С.Төмөрбаатар даргатай Эрс уулын 6 дугаар заставын хилчид хүч тэнцэргүй их, бага нийт 62 удаагийн тулгаралтад оролцохдоо тухай бүр нь ялалт байгуулж, алдар гавьяагаа дуурсгаж байсан байлдааны амжилт нь С.Төмөрбаатар дарга Чингис хааны байлдааны арга, тактикийг тодорхой судалж, хилийн заставын байлдааны ажиллагааг удирдахдаа ашиглаж байсан нь харагдаж байна. Дэд хурандаа С.Төмөрбаатар нь Монгол Улсын баатруудаас 45, Халхын голын дайнаас тодорсон баатруудаас 13, хилчин баатруудаас 11, Архангай аймгаас төрсөн баатруудаас гурав дахь нь бөгөөд 25 насандаа цэргийн гавьяаны улаан тугийн одон, алтан гадас одонгоор энгэрээ мялааж, удирдсан застав нь “байлдааны гавьяа”-ны одонгоор шагнагдаж байв.

Тэрээр дайн дууссаны дараа Төв аймгийн Батсүмбэр, Увс аймгийн Баруунтурууны САА, Архангай аймгийн Өлзийт сум, нэгдлийн даргаар ажиллах хугацаандаа цэрэг хүний дайчин, мятаршгүй авьяас чадварыг гарган ажилласны үр дүнд эгнээнээсээ саальчин Авирмэд, ногоочин Долгор нар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртэж, тракторчин Пүрэвжав, ногоочин Должинжав, Луузан, Дамдин нар улсын аварга болсон зэргийг дурдахад баатар маань очсон, ажилласан газар бүртээ баатар төрүүлдэг “баатар дарга” байлаа.

С.Төмөрбаатар нь эх оронч, бүтээн байгуулагч, шинийг санаачлагч, цэргийн стратеги судлаач, дайчин эр, халамжит эр нөхөр, сайн эцгийн тухай энэхүү номондоо дурьдаж, түүний алдар гавьяаг нь мөнхжүүлж, гэгээн судар номыг нь өлгийдэн авч байгаа нь хилчдэд эх оронч, хилч үзлийг төлөвшүүлэх, Монгол Улсын хилчин баатруудын байгуулсан гавьяаг залуу үеийнхэнд таньж мэдүүлэх, суралцах, үлгэр дууриал авахад оршино гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Буцах