Монгол Улсын баатар С.Төмөрбаатарын хүрэл хөшөөг төрсөн нутагт нь босгов

Халхын голын дайны ялалтын 80 жил, Монгол Улсын баатар Самдангийн Төмөрбаатарын мэндэлсний 105 жилийн ойг тохиолдуулан Архангай аймгийн Өлзийт суманд түүний нэрэмжит ЕБС-ийн талбайд баатрын хүрэл хөшөөг сүндэрлүүлэн босголоо.          

Тус арга хэмжээнд ХХЕГ-ын сэтгэл зүй, мэдээлэл соёл сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Х.Зоригтбаатар, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хил судлалын төвийн эрхлэгч, хурандаа Ж.Өвгөнбүргэд, Хилийн Цэргийн ансамблийн дуучид, хилийн 0164, 0151 дүгээр ангийн үлээвэр хөгжимчид, Өлзийт сумын засаг дарга Д.Энхжаргал, Иргэдийн хурлын дарга Ч.Хүрэлбаатар, ЕБС-ийн захирал П.Батчулуун, Монгол Улсын баатар С.Төмөрбаатарын охин Т.Баасанжаргал, Т.Энхбаяр нар болон бусад үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, нутгийн иргэдийн төлөөлөл оролцов.

Хөшөөний нээлтэд хурандаа Х.Зоригтбаатар, Ж.Өвгөнбүргэд, Өлзийт сумын засаг дарга Д.Энхжаргал, сургуулийн захирал П.Батчулуун, баатрын ач хүү, нутгийн зөвлөлийн дарга асан бэлтгэл хурандаа н.Доржнамжим нар үг хэлж, баатрын байгуулсан гавьяа зүтгэлийг залуу хойч үед түүхийн бодит үнэнийг хүргэх, эх оронч, хилч үзлийг хүүхэд залуучуудад төлөвшүүлэх, баатраар овоглосон сургуулийн нэр хүндийг өндрөөр авч авах, цаашид ХХЕГ, ДХИС-тай хамтран ажиллах талаар өөрсдийн санал бодлоо илэрхийллээ.

Монгол Улсын баатар дэд хурандаа С.Төмөрбаатар нь 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгарах байлдаанд оролцож, алдар гавьяагаа мандуулж, “эх оронч” тодотголтой, Монгол Улсын баатар цол хүртсэн 60 хүнээс 45 дахь нь, Халхын голын дайнаас тодорсон баатруудаас 13 дах нь, Хилчин баатруудаас 11 дэх нь, Архангай аймгаас төрсөн баатруудаас 3 дах нь, Өлзийт сумаас төрсөн анхны баатар гэж түүхэнд бичигджээ. Тэрээр 25 насандаа Цусан гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонг, удирдсан застав нь “Байлдааны гавъяа”-ны одонгоор шагнагдсан. Мөн удирдлага дор байлдаж байсан хилчин байлдагч, Мятавын Гэндэнг төр, засгаас үнэлж, хилийн 24 дүгээр отрядын 7 заставыг түүний нэрээр мөнхжүүлсэн, хамтран зүтгэсэн Эрс уулын 6 дугаар заставын хилчдийг төрийн одонгоор бүгд шагнагдсан зэрэг нь С.Төмөрбаатар дарга байлдааны талбарт олон эх орончдыг төрүүлсэн “Баатар дарга” байсан юм. Тэрээр дайн дууссны дараа 1950-1970 онуудад Төв аймгийн Батсүмбэрийн САА, Увс аймгийн Баруунтурууны САА, Архангай аймгийн Өлзийт сумын нэгдлийн даргаар тус тус ажиллах хугацаандаа цэргийн даргын дайчин, өндөр зохион байгуулалттай, сахилга баттай ажилласаны үр дүнд саальчин Авирмэд, ногоочин Долгор нар БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртэж, тракторчин Пүрэвжав, ногоочин Должинжав, Луузан, Дамдин нар улсын аварга болсон зэргийг дурдахад С.Төмөрбаатар дарга очсон газар, ажилласан салбар бүртээ баатрыг төрүүлдэг “баатар дарга” байсан билээ.

Цаашид хилчин баатруудын номыг бодлогоор дэмжин хэвлэн гаргаж, нийт хилчдэд хүргэж, эх оронч, хилч үзлийг төлөвшүүлэх, баатраар овоглосон сургуульд нь түүний нэрэмжит танхимийг байгуулах, хилчин баатраар овоглосон сургуулиас хоёр жил тутам тодорхой босго оноог хангасан нэг сурагчийг ДХИС-ийн Хилийн сургуульд бодлогоор сургаж бэлтгэх, сум орон нутагт байрлах тухайн сургуульд цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр сурагчдад хичээл заах зэрэг саналыг гарчээ.

                                                           СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

Буцах