Мэндчилгээ

Эрдмийн их өргөөний цахим хаягаар зочилж байгаа Танд талархал илэрхийлэхийн ялдамд, бидэнд үнэтэй санал, зөвлөмж өгч, хамтран ажилладаг Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ 1933 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Дотоодыг хамгаалах газрын дунд сургууль байгуулж байжээ. 1934 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дотоодыг хамгаалах газрын даргын 687 дугаар  тушаалаар сургуулийн захирлыг томилон орон тоог баталснаар “Төв сургууль” байгуулагдсан түүхтэй бөгөөд энэ хугацаанд нийт 12 удаа өөрчлөн зохион байгуулагдсан.

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 229 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэрэг, тагнуулын салбарын боловсон хүчин бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах зорилгоор Цагдаагийн академи, Үндэсний тагнуулын академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд Дотоод хэргийн их сургуулийг байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 140 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тэнхимийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль болгон зохион байгуулсан түүхтэй.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 87 дугаар тогтоолоор Дотоод хэргийн их сургуулийг хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд Хууль сахиулахын их сургууль болгон өөрчлөн зохион байгуулжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль нь батлагдсан орон тоогоор нийт 21 багш, алба хаагчидтай бөгөөд Харуул хамгаалалтын, Шийдвэр гүйцэтгэлийн, Нийгмийн ажлын гэсэн 3 тэнхимтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил“, “Аюулгүй байдал”, “Нийгмийн ажил” мэргэжлийн хөтөлбөрөөр зохион байгуулж, өдрийн 9 ангид 165 сонсогч, эчнээ 6 ангид 123 суралцагч, нийт 289 сонсогч, суралцагч суралцаж байна.

Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль ШШГЕГ-ын захиалгаар мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, албаны үнэт зүйлийг эрхэмлэсэн, зөв хандлага, төлөвшилтэй төрийн тусгай албан хаагчийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, ХЗДХЯ, ХСИС, ШШГЕГ-ын бодлогод нийцүүлэн суурь, хавсарга-бодлогын судалгааны ажлыг эрхлэн шинжлэх ухааны мэдээ, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллага мөн.

Тус сургууль нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийг бэлтгэх, дээд боловсролын бакалаврын зэрэг олгох, мэргэжлийн түвшинд бэлтгэж, мэргэшүүлэх чиглэлээр алба хаагчдыг бэлтгэн нийлүүлдэг.

Бид цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага түүний харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, нэгжийн алба хаагчдад зайны сургалт явуулах, видео конференцийг нэвтрүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаад байгаагийн зэрэгцээ тус байгууллагад хэрэгжиж буй програм хангамжийг сонсогч, суралцагчдын сургалтад ашиглаж, практикт дадлага туршлагатай хүний нөөцийг бэлтгэхээр ажиллаж байна.

Та бүхэн бүрэлдэхүүн сургуулийн цахим хуудсанд зочилсноор мэргэжлийн тэнхим, профессор багш, сонсогч, суралцагчдын амжилт бүтээл, хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажил-арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцан үнэтэй санал-зөвлөмжүүдийг бидэнд ирүүлнэ гэдэгт бат найдаж байна.    

Таньд дахин талархал илэрхийлж эрүүл энх, ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хамт олноо төлөөлөн мэндчилсэн:

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН СУРГУУЛИЙН

ЗАХИРАЛ, ХУРАНДАА Б.БАТБОЛД

Буцах