Цагдаагийн сургууль

ТҮҮХЭН ЗАМНАЛ:

ХСИС-ийн Цагдаагийн сургууль нь анх 1934 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Дотоодыг хамгаалах газрын даргын 687 тоот тушаалаар сургуулийн захирлыг томилон орон тоог баталснаар  “Тєв сургууль” нэртэйгээр гал голомтоо асаажээ.

1944 онд тэр үеийн улсыг аюулаас хамгаалах ба Улсын цагдан сэргийлэх газруудын Гүйцэтгэх сургуулиудыг татан буулгаж Төв сургуульд нэгтгэснээр тус сургуулийг ДЯЯ-ны Хязгаарын ба дотоодын цэргийн нэгдсэн сургууль гэж нэрлэжээ.

1974 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 287 лугаар тогтоолоор НАХЯ-ны “Цэргийн тусгай дунд сургууль” байгуулагдаж, цагдан сэргийлэх байгууллагад ажиллах тусгай дунд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн.

1982 оны Сайд нарын зөвлөлийн 241 дүгээр тогтоолоор НАХЯ-ны “Цэргийн тусгай дунд сургуулийг “дээд” сургууль болгон өргөжүүлж Цагдан сэргийлэх байгууллагад ажиллах дээд боловсролтой алба хаагчийг бэлтгэж эхэлсэн.

БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1984 оны 139-р зарлигаар Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын системд мэргэжилтэй боловсон хүчин  бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж “Байлдааны гавьяаны одон”-гоор шагнажээ.

1992 онд “Цагдаагийн дээд сургууль”, 2000 оны Монгол улсын Засгийн газрын 02 сарын 02-ны өдрийн 17 дугаар тогтоолоор  Цагдаагийн дээд сургуулийг  анхан шатны үндсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэдгээрийг давтан сургах болон, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чиг үүрэгтэй ”Цагдаагийн академи”, 2011 оноос “Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль”, 2012 оноос “Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургууль” болон өргөжиж ирсэн түүхтэй.

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургууль нь 83 жилийн түүхтэй бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш 8000 гаруй цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллагын офицерийн бүрэлдэхүүнийг бэлтгэн гаргасан. 

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН НЬ:

Цагдаагийн сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд 54 багш, алба хаагч, 36 ангийн 1104 сонсогчтой, 115 төрлийн хичээлийг зааж байна.

Цагдаагийн сургуулийн цагдаа, шинжилгээний байгууллагын офицер бүрэлдэхүүнийг бэлтгэх хөтөлбөрт нийт 1122 сонсогч, суралцагч суралцаж байна.

Хууль сахиулахын их сургуулийн нийт суралцагчдийн 65,1 хувийг бүрдүүлж буй сургууль юм.

Тус сургууль нь мэргэжлийн 6 тэнхимтэй үйл ажиллагаа явуулж байна Үүнд:

  1. Цагдаагийн эрх зүйн тэнхим
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхим
  3. Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим
  4. Гүйцэтгэх ажлын тэнхим
  5. Замын цагдаагийн тэнхим
  6. Албаны тусгай бэлтгэлийн тэнхим

Тус сургууль нь Цагдаа-хууль сахиулах ажил бакалаврын хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Тус сургууль нь “шаталсан сургалтын тогтолцоонд шилжүүлэх” сургалтын хөтөлбөрийг 2,5+1,5, 1+1 хэлбэрээр шинэчлэн боловсруулж боловсруулж батлуулан хэрэгжүүлж байна.

Цагдаагийн сургуулийн багшлах бүрэлдэхүүний багшлах бүрэлдэхүүний 12,9 хувь нь докторын зэрэгтэй, 29 хувь нь докторантаар, 28 хувь нь магистрийн, 12,9 хувь нь бакалаврын зэрэгтэй байна.

ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛ

  • Хууль сахиулах соёл
  • Хүнлэг ёс, чиг шудрага журмаар манлайлан үлгэрлэнэ.
  • Баталгаат мэдлэг
  • Судлаач багш, хичээнгүй суралцагч хамтран оюун мэдлэг бүтээнэ.
  • Уламжлал шинэчлэл
  • Цагдаагийн боловсролын өвийг шинэ ололтоор баяжуулан хөгжүүлнэ.

ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН ЗОРИЛГО

Ёс зүйтэй монгол цагдааг бэлтгэх эрдэм судлалын үндэсний төв байна.

Буцах