Гүйцэтгэх ажлын тэнхим

Тэнхимийн эрхэм зорилго

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах ажиллагаа явуулах зорилгоор хуулиар харьяалуулсан нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийг гүйцэтгэх ажлын хүч, хэрэгсэл, аргаар илрүүлэх чадвар дадалтай, тагнах үйл ажиллагааны эрх зүй болон тактикийн мэдлэгтэй, бүтээлч сэтгэлгээтэй, мэргэшсэн алба хаагч бэлтгэх, сургалт судалгааны тогтвортой үр ашигтай менежментийг бий болгоход чиглэгдэнэ. 

Түүхэн замнал

Цагдаагийн байгууллагад 1934 онд  гүйцэтгэх алба үүсч, эрүүгийн эрэн сурвалжлах тасаг байгуулагдсан цаг үеэс гүйцэтгэх албыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, бэхжүүлэх зорилгоор ахлах болон дунд тушаалын гүйцэтгэх ажилтнуудыг богино хугацаагаар сургаж бэлтгэх Гүйцэтгэх ажлын сургууль байгуулагдсанаар Цагдаагийн сургуулийн Эрүүгийн тагнуулын тэнхимийн үйл ажиллагааны түүхийн алтан хуудас эхэлсэн юм. НАХЯ-ыг 1990 онд татан буулгасантай холбоотойгоор ЦЕГ-ын харьяанд НАХЯ-ны дээд сургуулийг Цагдаагийн дээд сургууль гэж өөрчлөхөд Цагдаагийн дээд сургуулийн “Хуулийн тусгай тэнхим”, 1992-1995 онд  “Цагдаагийн албаны”, 1995-1998 онд “Эрүүгийн цагдаагийн албаны”, 1998-2014 онд “Гүйцэтгэх ажлын”, 2014 оны 10-р сараас “Эрүүгийн тагнуулын тэнхим”, 2016 оноос хүндэт чекист, цагдаагийн хурандаа Ц.Жамъянсэнгээгийн нэрэмжит "Гүйцэтгэх ажлын" гэж нэр нь өөрчлөгдөн тэнхимийн эрхлэгчээр 1982-1985 онд дэд хурандаа Д.Тархаашин, 1985-1992 онд хууль зүйн ухааны дэд доктор, хурандаа Р.Ёндондэмбэрэл, 1992-2000 онд цагдаагийн хурандаа Х.Доржпалам, 2000-2001 онд цагдаагийн хурандаа Ч.Сангарагчаа, 2001-2011 онд хууль зүйн ухааны доктор, цагдаагийн хурандаа З.Төрмандах, 2011- 2012 онд докторант, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаяр, 2012-2014 онд цагдаагийн хурандаа О.Зоригоо нар томилогдон ажиллаж байжээ.  2014 оны 11-р сараас доктор /Ph.D/ цагдаагийн хурандаа Д.Мягмарцэрэн томилогдон ажиллаж байна.

Тус их сургуулийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн цаг хугацаанд тус тэнхимийн бүтцээс өнөөгийн Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, Салбар эрх зүйн, Төр эрх зүйн онолын буюу Үндсэн хуулийн эрх зүйн, Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны тэнхимүүд салбарлан гарсан нь манай тэнхимийн түүхийн хуудасны нэгэн бахархал юм. 

Үйл ажиллагааны чиглэл

Тус тэнхим нь Цагдаагийн сургуулийн 2,3,4-р дамжаа, эчнээ 3, 4, 5-р дамжааны сонсогчдод  “Тагнах үйл ажиллагааны эрх зүй”, “Тагнах үйл ажиллагааны тактик-2, 3, 4” хичээлээр тагнах үйл ажиллагааны эрх зүйн шинжлэх ухааны онолын мэдлэг, эрүүгийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тактик арга зүй, ур чадвар олгох сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой сэдвээр хийсэн сургалтын “модуль” киног ашиглан суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, чадвар дадал олгох чиглэлээр ажиллаж байна.

Тэнхимийн бүрэлдэхүүн

Тус тэнхимийн эрхлэгчээр доктор, цагдаагийн хурандаа Д.Мягмарцэрэн, дэд профессороор доктор, цагдаагийн хошууч Р.Баярмагнай, ахлах багшаар цагдаагийн хурандаа Д.Мөнхсайхан, Н.Мягмарсүрэн, цагдаагийн ахмад Ч.Доржсүрэн,  багшаар цагдаагийн хошууч Ц.Ялалт, Н.Дэмчигсүрэн нууцын номын санчаар цагдаагийн дэд ахлагч Л.Сугарцолмон нар ажиллаж байна. 

Тэнхимийн дэргэдэх “Мөрдөгч” клуб

2009 онд Цагдаагийн академийн Гүйцэтгэх ажлын тэнхимийн дэргэд Хүндэт чекист, цагдаагийн хурандаа Ц.Жамъянсэнгээгийн нэрэмжит “Мөрдөгч” клуб байгуулагдсан. Тус клуб нь Цагдаагийн сургуулийн 3-р дамжааны сонсогчдоос клубын батлагдсан дүрмийн дагуу 3 үе шаттайгаар шалгаруулалт зохион байгуулан гишүүнээр элсүүлэн “Мөрдөгч” энгэрийн тэмдэг олгож, “Тагнах үйл ажиллагааны эрх зүй, тактик” хичээлээр гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулан төгсөгчдөд сургалтанд хамрагдсан сертификат олгодог юм. Тус “Мөрдөгч” клубын төгсөгчдөөс Эрүүгийн цагдаагийн албанд амжилттай ажиллаж байна. “Мөрдөгч” клубын сонсогчдоос жил бүр амжилттай суралцаж байгаа 2 сонсогчийг Хүндэт чекист, цагдаагийн хурандаа Ц.Жамъянсэнгээ агсны гэр бүлээс “Ц.Жамъянсэнгээ сан”-гийн тэтгэлэг олгодог уламжлалтай. 

”Мөрдөгч” клубын 2010 оны анхны төгсөгчид 

2016-2017 оны хичээлийн жилийн “Мөрдөгч” клубын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон зочид төлөөлөгч, сонсогчид       

Буцах