Хилийн албаны тэнхим

ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА

Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Цэргийн Тусгай Дунд Сургуульд 1974 онд цэргийн кафедр байгуулагдсанаар одоогийн Хилийн албаны тэнхимийн суурь тавигдсан бөгөөд анхны тэнхимийн эрхлэгчээр ахмад Ч.Лувсан, багшаар дэслэгч Д.Шаравшагдар, Ц.Сайннямбуу, Д.Сүрэнжав нар томилогдон ажиллаж байжээ. 

Түүнчлэн 1975 оноос тэнхимийн эрхлэгчээр ахмад Н.Амиа, багшлах бүрэлдэхүүнд дэслэгч Ш.Доржбал, ахлах дэслэгч Ж.Дашням нарын багш нар ажиллаж эхэлснээр тэнхим жилээс жилд өргөжин бэхжиж, мэдлэг боловсролтой боловсон хүчнээр хангагдах болсон байна.

Манай сургууль 1982 онд НАХЯ-ны Цэргийн Дээд Сургууль болоход тус дээд сургуулийг 7 тэнхимтэй байгуулсан байна. Цэргийн тусгай дунд сургуульд байсан цэргийн кафедраас хилийн алба, ерөнхий цэргийн тактик, биеийн тамирын тэнхимүүд шинээр байгуулагдаж, хуулийн кафедр тусгай албаны, төр эрхийн гэсэн 2 тэнхим болж өрх тусгаарласан түүхтэй.

Хилийн алба, тактикийн тэнхимийн даргаар Хилийн ба Дотоодын цэргийн Хэрэг эрхлэх газрын 5 дугаар хэлтсийн дарга, дэд хурандаа Наранноровын Дорждэрэм, багшаар Цэргийн тусгай дунд сургуулийн багш, ахмад Ч.Дашдэлэг, газрын штабын 1 дүгээр хэлтсийн чиглэлийн дарга, ахмад Ерэнтэйн Дорждагва нарыг сайдын тушаалаар /1982.08.30 №858/ томилсон байдаг.

Улмаар 1988 онд Хилийн алба, Ерөнхий цэргийн тэнхимүүд нээгдсэнээр өнөөг хүртэл хилийн албаны тэнхим хэмээн  нэрлэгдэх болсон.

Монгол оронд ардчилал өрнөж эхэлсэн 1990 оны эхээр НАХЯ-ыг татан буулгасан нь түүний бүтцэд байсан байгууллагууд тарж бутарч, зарим нь эвсэн нэгдэж бужигнан байхуй дор үүнийг дагаад тус яамаар овоглосон Цэргийн Дээд Сургуулийн нэр хаяг төдийгүй харьяалал, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөхөөс аргагүй болсон. Энэ онд БНМАУ-ын СнЗ-ийн 192 дугаар тогтоолоор цагдан сэргийлэх байгууллагын бүтцийг шинэчлэхэд түүний харьяанд “дээд сургууль” багтсан байна. Ийнхүү цагдаагийн дээд сургууль бий болж, дотор нь хилийн тэнхим хэвээр үлдсэн бөгөөд хилийн албаны тэнхим нь 1990-ээд оноос хилийн албаны ажилтан-биеийн тамирын зааварлагчийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байв.

Одоогоор: Хилийн албаны тэнхим нь Хил хамгаалах байгууллагын эрхэм зорилго, улсын хил хамгаалах шаардлагад нийцүүлэн сургалтын стандарт, загвар, төлөвлөгөө, задаргаа, мэргэжлийн тодорхойлолтод заасан албан тушаалтны үүрэгт ажлыг бүрэн гүйцэтгэх чадвартай хилчин офицеруудыг бэлтгэж төгсгөхийн тулд хилийн албаны болон хил хамгаалалтад холбоотой бусад мэргэжлийг онол арга зүйн өндөр төвшинд заах үүргийг хүлээнэ.

Тэнхимээс бэлтгэж байгаа мэргэжилтэнд шинжлэх ухааны суурь мэдлэгийг практиктай холбон хэрэглэх чадвартай, мэргэжлээ төгс эзэмшсэн, хилийн заставын хил хамгаалалт, аж ахуйн бусад үйл ажиллагаатай холбоотой аливаа зүйлийг бие даан зөв шийдвэрлэдэг, хэрэг бүртгэх ажиллагааг бүрэн хийж чадах дадал чадвартай байх шаардлага тавигддаг билээ.

Тэнхимийн бүрэлдэхүүн:

Ё.Хадхүү- Хилийн албаны тэнхимийн эрхлэгч, докторант , хурандаа

Д.Алтангэрэл- Тэнхимийн дэд профессор, докторант, дэд хурандаа

Д.Нямсүрэн-Тэнхимийн ахлах багш, хэл судлалын магистр, хурандаа

Ч.Чулуунхүү- Тэнхимийн ахлах багш, цэргийн ухааны магистр, хошууч

Б.Ням-Очир- Тэнхимийн багш, хил судлалын магистр, хошууч

Б.Бат-Эрдэнэ-Тэнхимийн нууцын номын санч, дэд ахлагч

Тэнхимд харьяалагдах хичээл:

  • Хилийн алба
  • Хил хамгаалалтын тактик
  • Хилийн төлөөлөгчийн ажиллагаа
  • Монгол Улсын хилийн болон хил хамгаалалтын түүх
  • Хил хамгаалалтын эрх зүй, тусгай бэлтгэл
  • Хилийн цэргийн штабын алба

 

Клуб, дугуйлан

Тус тэнхимийн дэргэд 2014 оноос “Харуул занги”, 2017 оноос “Сүлдэт багана” клубууд тэнхимийн эрхлэгч, хурандаа Ё.Хадхүүгийн санаачлагаар тус тус байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.                       

Клубуудын зорилго нь Цэргийн болон Хил судлалын шинжлэх ухаан, Бусад шинжлэх ухааныг танин мэдэх суралцагчдыг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажилд сургах, дадлагажуулах, зохион байгуулах, мэдлэг, дадлага, чадвар олгох зорилго дэвшүүлэн ажиллаж байна.          

Дугуйлангууд                               

Тус тэнхимийн дэргэд “Монголын үндэсний сурын дугуйлан”, Самбо” бөхийн дугуйлангууд 2017 оноос байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.                          

“Монголын үндэсний сурын” дугуйлангийн зорилго нь их сургуулийн багш, алба хаагч, сонсогчдыг үндэсний сурын спортоор хичээллүүлэх, харвах ур чадварыг дээшлүүлэх, Монголын өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах замаар залуу үеийнхэнд эх оронч, үндэсний үзэл санааг төлөвшүүлэхэд оршино.

Монголын үндэсний сурын дугуйлангийн ахлах дасгалжуулагчаар тэнхимийн багш, сурын спортын мастер, хошууч Б.Ням-Очир, “Самбо” бөхийн дугуйлангийн ахлах дасгалжуулагчаар тэнхимийн эрхлэгч, хурандаа Ё.Хадхүү нар ажиллаж байна. 

Буцах