Хууль сахиулахын удирдлагын академийн элсэлтийн журам

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН 2013 ОНЫ 08 САРЫН 07-НЫ   ӨДРИЙН   А/170  ТУШААЛЫН ХАВСРАЛТ

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ САХИУЛАХЫН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬД ЭЛСҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Зорилго

1.1 ХСИС-ийн Удирдлагын сургуулийн үндсэн ангид (цаашид “Удирдлагын сургууль” гэх) суралцагчдыг хууль сахиулах байгууллагын алба хаагчдаас сонгон шалгаруулах, элсүүлэн суралцуулах, тэдэнд цэрэг, цагдаа, онцгой байдлын болон хууль сахиулах бусад албаны цол, цалин, нэмэгдэл, тэтгэлэг олгох, хувцасны хангалт хийх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Элсэгчид тавих шаардлага

2.1 Удирдлагын сургуулийн үндсэн ангид мэргэжил эзэмших, боловсролын зэрэг ахиулах сургалтанд элсэгч нь дараахь нийтлэг шаардлагыг хангасан байна:

Шалгуур Үзүүлэлт
1 Элсэгчийн боловсролын зэрэг Бакалавр. Дипломны үнэлгээний голч 3.0 (80 %) ба түүнээс дээш байна.
2 Элсэгчийн мэргэжил Захиалагч байгууллагын үндсэн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна.
3

Төрийн тусгай албанд ажилласан хугацаа

Бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэнээс хойш тухайн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байна.
4 Хүний нөөцийн статус Захиалагч байгууллагын тодорхой удирдах албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн байна.
5 Элсэгчийн нас Төрийн тусгай албаны 13-14 зэрэглэлийн албан тушаалын нөөцөд авагдсан 35 хүртэлх насны, 15-16 зэрэглэлийн албан тушаалын нөөцөд авагдсан 40 хүртэлх насны алба хаагчийг элсүүлнэ.
6 Эрүүл мэндийн байдал Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт элсэлтийн шалгалтаас 1 сараас дээшгүй хугацаанд өөрийн биеэр хамрагдаж архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон байна.
7 Сахилга бат, ёс зүйн байдал Сахилга бат, ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, ял шийтгэгдэж байгаагүй байна.

2.2 Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, хил хамгаалах, онцгой байдлын байгууллага болон хууль сахиулах бусад байгууллагын удирдах ажилтаныг бэлтгэх үйл ажиллагаанд тавих тусгай шаардлагыг мөн харгалзан үзнэ.

Гурав. Элсэлтийн шалгалт

3.1  Элсэгч дээрх шаардлагыг хангаж буй эсэхийг харъяа байгууллага, агентлагын хүний нөөцийн алба тогтоох бөгөөд тухайн байгууллага, агентлагад оногдсон квотын хэмжээнд сонгон шалгаруулалтыг явуулна.

3.2  Сонгон шалгаруулалтанд тэнцсэн алба хаагч дараах материалыг бүрдүүлэн Удирдлагын сургуульд хүргүүлнэ

3.2.1  Удирдлагын сургуульд суралцахыг хүссэн өргөдөл;

3.2.2  Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1, хавсралтын хамт);

3.2.3  Удирдлагын сургуульд суралцуулах тухай захиалагч байгуулллагын даргын зөвлөлийн хурлын шийдвэр;

3.2.4  Бакалаврын түвшиний боловсрол эзэмшсэнийг гэрчлэх диплом, хавсралтын эх баримт, нотариатаар баталгаажуулсан хуулбар;

3.2.5  Алба хаагчийн аттестатчилалд хамрагдсан дүн болон удирдлагын нөөцөд авагдсан тухай баримт, тодорхойлолт;

3.2.6  Ажил, зан байдлын тодорхойлолт;

3.2.7  Эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт;

3.2.8  Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

3.2.9  Фото зураг (4х3, 4х6 хэмжээтэй тус бүр 4 хувь, малгайгүй, өдөр тутмын кительтэй, булангүй байна.)

 3.3 Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс сонгон шалгаруулалтанд тэнцсэн алба хаагчдаас авах элсэлтийн шалгалтыг мэргэжлийн шалгалт, гадаад хэлний түвшин тогтоох шалгалт, ярилцлагын хэлбэрээр зохион байгуулж явуулна.

3.4 Элсэгчид тавих шаардлагыг хангаж, элсэлтийн шалгалтанд тэнцсэн алба хаагчтай харъяа байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн удирдах ажилтан, Удирдлагын сургуулийн захирал нар “Суралцуулах тухай” гурвалсан гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд суралцуулах үндсэн нөхцөл, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, суралцагчийг төгссөний дараа зохих албан тушаалд томилох болзол зэргийг заавал тусгана.

Дөрөв. Суралцагчид олгох цалин, цол, нэмэгдэл

4.1 Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон хууль сахиулах бусад байгууллагын захиалгаар Удирдлагын сургуульд мэргэжил олгох, магистрын зэргийн боловсрол эзэмших сургалтанд хамрагдаж буй  алба хаагчдад өмнө нь ажиллаж байсан албан тушаалын үндсэн цалин, цолны нэмэгдлийг сар бүр олгоно.

4.2 Суралцагчийн цэрэг, цагдаа, онцгой байдлын ээлжит цолыг “Цол олгох журам”-д заасан хугацаа, журмыг баримтлан олгоно.

4.3 Суралцаж байгаа алба хаагчийг цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, онцгой байдлын болон хууль сахиулах бусад албаны дүрэмт хувцасаар хангаж, зохих заавар, журмын дагуу нөхөн хангалт хийх үүргийг харъяа байгууллага, агентлаг хүлээнэ.

4.4 Суралцагчдад олгох цалин, цолны нэмэгдэл, хувцасны хангалт, эрүүл мэндийн даатгалын зардлыг байгууллагын төсөвт суулган тооцож олгоно.

4.5 Удирдлагын сургуульд суралцсан хугацааг ажилласан жилд тооцно.

4.6 Суралцагч нь амжилтгүй суралцсан (2 улирал дараалан 2-оос дээш хичээлд хангалтгүй дүн үзүүлсэн), сахилга, ёс зүйн зөрчил гаргасны улмаас Удирдлагын сургуулиас хасагдсан тохиолдолд суралцаж байсан хугацааны сургалтын зардал, олгосон цалин, хангалт зэргийг нөхөн төлүүлнэ.

Тав. Бусад зүйл

5.1 Суралцах хугацаанд явагдах удирдлагын дадлага, команд-штабын сургууль (тактик-хээрийн сургууль, туршилт судалгааны хээрийн сургууль)-ийг харъяа агентлагийг түшиглэн явуулна. 

5.2 Туршлага судлуулах, тодорхой мэдлэг олгох зорилгоор суралцагчдыг нэгдсэн зохион байгуулалт, хөтөлбөрийн дор гадаад болон дотоодын сургалтын байгууллагад богино хугацаагаар сургаж, ижил төрлийн байгууллагад танилцах аялалд хамруулж болно.  

5.3 Удирдлагын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах цэргийн удирдлагын болон бусад техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, эрх зүйн акт, нууцын зэрэглэл бүхий материалаар  хангах асуудлыг харъяа агентлагуудад тавьж шийдвэрлүүлнэ. 

5.4 Сурлагын амжилт гаргасан суралцагчийг төрийн болон байгууллагын шагналаар шагнан урамшуулж болно.

5.5 Суралцагчын сурлагын дүн болон сахилга, ёс зүйн байдлын тодорхойлолт, магистрын ажлын сэдэв,  судалгааны ажлын явцын талаарх мэдээллийг хичээлийн улирал бүрийн төгсгөлд Удирдлагын сургуулийн захирал харъяалах байгууллагад хүргүүлнэ.

5.6 Гадаад орны ижил төрлийн сургуульд суралцаж буй алба хаагч Удирдлагын сургуульд шилжин суралцахыг хүсвэл харъяа байгууллага, агентлагийн даргын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн зохих кредитийг тооцсоны дараа суралцуулж болно.

Буцах