Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын баг

  Хууль сахиулахын Удирдлагын академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын баг нь анх Дотоод хэргийн их сургуулийн харьяанд Удирдлагын сургууль байгуулагдсан цагаас эхлэн тус сургуулийн бүтцэд үйл ажиллагаагаа явуулж: байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын баг нь захиалагч байгууллагын болон  суралцагчдын хэрэгцээнд тулгуурлан сургалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг арга зүйд суурилан зохион байгуулж, суралцагчдад шаардлагатай онол, арга зүйн мэдлэг, чадварыг олгох, хандлагыг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын баг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиалгаар ХСУА-д элсэн суралцагчдыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги-тактик, удирдлага” мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдэд хамруулж мэдлэг, дадлага олгох сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ албан тушаалын, стратегийн дамжаанд суралцагчдад тусгайлсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу богино хугацааны сургалтыг явуулдаг онцлогтой.

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги-тактик, удирдлага” мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд суралцагчдад өнөөгийн хүчин төгөлдөр хууль тогтоомжид нийцүүлэн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын талаарх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулахаас гадна практик байгууллагатай хамтран клиник сургалт, дадлагыг хэсэгчилсэн ба нэгдсэн хэлбэрээр тасралтгүй явуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын баг нь сургалтын хүрээнд суралцагчдын зайлшгүй хамрагдах сургалтын нэг өвөрмөц хэлбэр болох “Команд-штабын сургалт”-ыг хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны бодит орчинд, тусгайлсан төлөвлөгөөний дагуу өгөгдөл өгч, болзошгүй бүхий л нөхцөлд ажиллах дадлага, чадвар суулгах зорилгоор зохион байгуулдаг.

Түүнчлэн суралцагч нарт өөрсдийн сонгон авсан мэргэжлийн чиглэлийн дагуу тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэрэгжүүлж, удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалах боломжийг олгож байна.

Багийн зүгээс Хууль сахиулахын удирдлагын академийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг дээшлүүлэх, үе шаттайгаар хөгжүүлэхэд профессор, багш бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, хандлага, хувийн хөгжил голлох үүрэгтэйг ухамсарлан, багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд, Сургалт, чанарын алба, Багшийн хөгжлийн төв түүнчлэн гадаад, дотоодын ижил төстэй сургалт, судалгааны байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх явдлыг чухал зорилт болгон ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын баг нь профессор, дэд профессор, ахлах багш гэсэн бүрэлдэхүүнтэйгээс профессороор доктор (Ph.D), хурандаа Ц.Очгэрэл, ахлах багшаар ахмад Г.Наранбаяр нар ажиллаж байгаа бөгөөд өөрсдийн практик туршлага болон удирдахуйн ухаан, аюулгүй байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх мэргэжлийн мэдлэг, боловсролд тулгуурлан сургалтыг явуулж байна.

Хууль сахиулахын Удирдлагын академи байгуулагдсан тухайн цаг үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын багийн ахлах багш, дэд профессор, профессороор хурандаа Г.Эрдэмээ, хурандаа Л.Алтансүх, хурандаа Ч.Хүрэлбаатар нар ажиллаж байсан бөгөөд тусгайлсан хичээлийн нэмэлт багшаар хурандаа Д.Ядамдорж, бэлтгэл хурандаа Г.Ганболд, доктор(Ph.D) Э.Батбаяр нарын туршлагатай багш нар ажиллаж байжээ.

Буцах