Сургалт, эрдэм шинжилгээний ажил

Онцгой байдлын сургууль нь сургалтын шинэ төлөвлөгөөгөөр “Онцгой байдал – гамшгаас хамгаалах алба” мэргэжлээр  сургалт явуулж бакалаврын зэрэгтэй боловсон хүчнийг 4 жилийн сургалттай өдрийн ангиар суралцуулан төгсгөж байгаа бөгөөд, 2016-2017 оны хичээлийн жилээс  Эчнээ 3 жилийн анги,  Эдийн засаг Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн мэргэжилтэн бэлтгэх сургалт, 2017-2018 оны хичээлийн жилээс эчнээ 5 жилийн сургалт, 2018-2019 оны хичээлийн жилээс тусгай дунд буюу “Галын техникч” мэргэжлээр “С” дипломтой төгссөн алба хаагчдад “Бакалавр” зэрэг олгох “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” хөтөлбөрөөр 1,5 жил суралцах шаталсан сургалтын зөвшөөрлийг БСШУСЯ-наас авч элсэлтийг зохион байгуулан сургалтыг явуулж байна.

2013-2014 оны хичээлийн жилээс “Гамшиг судлал”-ын магистрын сургалтыг явуулж нийт 104 орчим магистрын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэн, практик байгууллагад шилжүүлж, 2014 оноос Гамшиг судлалын докторын сургалтыг зохион байгуулан явуулж байна.

Онцгой байдлын сургууль нь байгуулагдан ажиллаж байгаа богинохон хугацаандаа Хууль сахиулахын их сургуулийн бодлого, зорилгод нийцүүлэн сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, эрдэм судлалын ажлыг дээшлүүлэх зорилгоор багагүй ажлыг хийж гүйцэтгэжээ.

Сургалтын таатай орчинг бүрдүүлэх, сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд сургалтын кабинет, лаборатори байгуулан мэргэжлийн сургалтыг явуулж байна.

 Сонсогчдын “Сургалтын тоглолт”-ыг шинэлэг хэлбэрээр хичээлийн жил тутам 2 удаа зохион байгулж хэвшсэнээр ирээдүйн удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргалт, аврах болон гал унтраах ажиллагааны зохион байгуулалтыг танхимын сургалтаар олгож байгаа нь төгсөгчдийн чанарт эерэгээр нөлөөлж байна.

2012 оноос Гамшгаас хамгаалах улсын албад, байгууллагуудын дунд тулгамдаж байгаа асуудлуудаар эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж уг эрдэм шинжилгээний хурлуудад харьяа байгуулагууд, хамтран ажилладаг эрдэм шинжилгээний байгууллагуудын академич, ШУ-ны доктор, салбарын докторууд, магиструуд, сонсогчид зэрэг эрдэмтэн судлаачдын илтгэлүүдийг хэлэлцүүлэн тухайн хурлын шилдэг илтгэлүүдээр эмхтгэл болгон хэвлүүлж практик байгууллагуудад шилжүүлж, сургалтад ашиглаж байна.

Сонсогчдын бие бялдар, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд уралдаан тэмцээн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Онцгой байдлын сургуулийн бие бүрэлдэхүүн, сонсогчид ХСИС болон бусад агентлагуудаас зохион байгуулдаг төрөл бүрийн спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцож тогтмол дээгүүр байрт шалгарч ирлээ.

Онцгой байдлын сургуулийн Гал унтраах техникийн олон төрөлт спортын баг тамирчдын амжилт жилээс жилд өсөн нэмэгдэж 2010 оноос эхлэн улс, бүсийн аваргаар шалгарч, ОУ-ын тэмцээнд тамирчдыг бэлтгэн оролцуулсаар  байна.

Буцах