Сургалт явуулж буй хөтөлбөр
 Гэмт явдал судлал-эрх зүй

ГЭМТ ЯВДАЛ СУДЛАЛ-ЭРХ ЗҮЙ /Сriminal justice and criminology/

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас Хууль сахиулахын их сургуульд олгосон сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, Хууль сахиулах аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ажлын байрны эрэлт хэрэгцээ, шаардлагын дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах арга хэмжээ, Монгол Улсын Төрөөс хууль сахиулах аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого, Монгол Улсын хууль сахиулах аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албаны үйл ажиллагааг гардан зохион байгуулах мэдлэг, чадвар, хандлагатай судлаачдыг бэлтгэхэд чиглэж байна. Тус хөтөлбөрт ЦЕГ, ШШГЕГ, АТГ, ТЕГ, УБЕГ, ИХШХГ, Шүүх, Прокурор болон бусад байгууллагын албан хаагч суралцдаг.

Гэмт явдал судлал-эрх зүйн хөтөлбөрийн докторын сургалтад 108 докторант,  магистрын сургалтад 101 магистрант  суралцаж байна. Тус хөтөлбөрт суралцсан алба хаагч нараас 11 доктор, 650 магистрант амжилттай төгсөж дээрх агентлагуудад үр бүтээлтэй ажиллаж байна.

Хөтөлбөрийн сургалт судалгааны ажил нь дараах хэсгээс бүрдэнэ.

а. Хууль сахиулах ажиллагаа- гэмт хэрэг, зөрчлийг урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалгах, хуулийн хүрээнд хүч, хэрэгсэл, хуульд заасан албадлага хэрэглэх, хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хамаарах техник, тактик, арга зүй;

б. Гэмт явдлын шалтгаан нөхцлийг судлах үйл ажиллагаа- гэмт хэргийн шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх стратеги, төлөвлөлт техник, тактик, арга зүй;

в. Шүүхийн шийдвэр биелүүлэх үйл ажиллагаа - ял шийтгэл эдлүүлэх, нийгэмшүүлэх, хорих байгууллагын үйл ажиллагаа, харуул хамгаалалт, иргэний ба захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр биелүүлэх үйл ажиллагааны техник, тактик, арга зүй;

Тус хөтөлбөр нь судалгааны ажлын сэдвийг практик байгууллагын тулгамдсан асуудал, шийдвэрлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг явуулдаг онцлогтой.

Гэмт явдал судлал-эрх зүйн магистр, докторын сургалт нь:

Профессорын баг

  • Гэмт явдал судлалын профессорын судалгааны баг
  • Гэмт хэрэг илрүүлэхүйн профессорын судалгааны баг
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын профессорын судалгааны баг
  • Эрх зүйн ухааны профессорын судалгааны баг

Төв

  • Цагдаа судлалын төв
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв
  • Хууль сахиулахуйн инновацийн төв

Тэнхим

  • Эрүүгийн эрх зүй криминологийн тэнхим
  • Мөрдөх албаны тэнхим
  • Гүйцэтгэх ажлын тэнхим
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тэнхим
  • Харуул хамгаалалтын тэнхим
  • Нийгмийн ажлын тэнхим

Дээрх профессорын баг, төв, тэнхимүүдэд түшиглэн зохион байгууллагдаг.

 Хил судлал

ХИЛ СУДЛАЛ /Border studies/

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Хууль сахиулахын их сургуульд олгосон сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, Хил хамгаалах байгууллагын захиалга, ажлын байрны эрэлт хэрэгцээ, шаардлагын дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах арга хэмжээ, Монгол Улсын Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах албаны үйл ажиллагааг гардан зохион байгуулах мэдлэг, чадвартай боловсон хүчин бэлтгэн гаргахад чиглэгдэж байна.

Хил судлалын магистрын хөтөлбөрт 54 магистрант, Хил судлалын докторын хөтөлбөрт 42 докторант суралцаж байна.

Хөтөлбөрийн зорилго, зорилт:

“Хилийн алба"-ны магистрын хөтөлбөрийн зорилго: Улсын хил хамгаалах асуудлын хүрээнд ХХЕГ, хэлтэс, Хилийн цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалын үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг чадвар, дадал эзэмшсэн, удирдах ажилтны ёс зүй төлөвшсөн боловсролын магистр зэрэгтэй, офицер бэлтгэх зорилготой.

Суралцагчийн, Үндэсний эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж,оюуны чадавхыг  хөгжүүлэх, алба, ажилд хэрэгцээтэй мэдлэг, чадварыг олгох, эрдэм шинжилгээ судалгааны арга зүйг эзэмшүүлэхэд хөтөлбөрийн зорилт чиглэгдэнэ.

“Хил судлал”-ын чиглэлээр магистр, докторын боловсрол эзэмшигчдэд тавигдах нийтлэг шаардлага:

·  Хил судлалын шинжлэх ухааны үндсэн ухагдахуун, сургуулиудыг гүнзгийрүүлэн судалсан, нийгэм, улс төр, төрийн захиргаа, хууль сахиулахуй, удирдлагын онол, цэргийн болон хил хамгаалах мэргэжлийн хичээлээр олж авсан онолын мэдлэг, дадал, чадварыг Хил хамгаалах салбарын үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг байх.

·  Хил хамгаалах байгууллагын өмнө тулгарч байгаа асуудлуудыг цаг тухайд нь мэдэрч, шийдвэрлэх арга зүйг эзэмшсэн, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, өөрийгөө хөгжүүлэх, сурч ажиллах, байгууллага хамт олныг удирдан зохион байгуулах арга барил эзэмшсэн байх.

·  Хилийн стратеги, операци, тактикийн болон олон талт үүрэг гүйцэтгэх ажиллагааг төлөвлөх, баримт бичгүүдийг боловсруулах, зохион байгуулж, хэрэгжүүлэх дадлагын ур чадвартай байх.

·  Оюун санаа, бие бялдар, ёс суртахуун, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй, даалгасан ажил үүргийг ямар ч нөхцөлд эх орон, ард түмний эрх ашигт нийцүүлэн биелүүлэх чадвартай байх.

· Удирдах албан тушаалын офицерт зайлшгүй хэрэгцээтэй мэргэжлийн мэдлэг чадвар, зарчимч шударга, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, удирдах ажилтны ёс зүй төлөвшсөн байх. 

 Гамшиг судлал

Гамшиг судлал. Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас Хууль сахиулахын их сургуульд олгосон сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын боловсон хүчний эрэлт хэрэгцээ, шаардлагын дагуу Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах алба, бусад байгууллагын үйл ажиллагааг гардан зохион байгуулах мэдлэг, чадвар, хандлагатай судлаачдыг бэлтгэхэд чиглэж байна.

Гамшиг судлалын хөтөлбөрийн докторын сургалтад 16 докторант,  магистрын сургалтад 54 магистрант  суралцаж байна. Тус хөтөлбөрт суралцсан алба хаагч нараас 43 магистрант амжилттай төгсөж онцгой байдлын албанд үр бүтээлтэй ажиллаж байна.

Хөтөлбөрт элссэнээр хүрэх үр дүн:

  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, бүх талын хангалтыг зохион байгуулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож буй улсын албадууд, сайн дурынхан, ард иргэд, төрийн бус болон олон улсын байгууллагуудтай харилцан ажиллагааг зохион байгуулах чадварыг эзэмших;
  • Онцгой байдлын албаны бэлэн байдлыг хангах, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, удирдах, тэдгээрийн үр дүн, түвшинг тодорхойлох, анги, байгууллагын үүрэг гүйцэтгэх бэлтгэл, жигдрэлтийг дээшлүүлэх;
  • Удирдлагын үндсэн зарчим, тулгуур ойлголтуудыг практикт хэрэглэж онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөлт, зохион байгуулалт, удирдлага, хяналтын чиг үүргүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх;
  • Онцгой байдлын байгууллагын санхүү, хангалтын үйл ажиллагаа, тэдгээрийн менежмент, аврах техник хэрэгслийн ашиглалт, үйлчилгээ, хадгалалт хамгаалалтыг удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • Цахим техник, холбоо мэдээллийн технологи, гадаад хэлийг албан хэрэгцээнд бүтээлчээр хэрэглэх;
  • Аливаа асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт өгөх, түүний хөгжлийн чиг хандлагыг баримжаалах, гамшгаас хамгаалах, судалгаа шинжилгээний ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх чадвар эзэмших;
  • Онцгой байдлын албыг хөгжүүлэх алсын хараа, гамшгаас хамгаалах бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлэх онол практикийн удирдлагын бичиг баримт боловсруулах зэрэг дадал, чадвар, чадамж эзэмшинэ.

Гамшиг судлалын магистр, докторын сургалт нь:

Профессорын баг

  • Гамшиг судлалын профессорын судалгааны баг

Төв

  • Гамшиг судлалын төв

Тэнхим

  • Гамшгаас хамгаалах албаны тэнхим
  • Гал түймэртэй тэмцэх албаны тэнхим
  • Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхим

Дээрх профессорын баг, төв, тэнхимүүдэд түшиглэн сургалтыг зохион байгуулдаг.

 Шинжлэн магадлах ухаан

ШИНЖЛЭН МАГАДЛАХ УХААН / Forensic science/

Монгол Улсад Шүүх шинжилгээний алба үүсэж хөгжөөд 70 жил болж буй бөгөөд энэ хугацаанд тус байгууллага дээд болон тусгай дунд мэргэжлийн боловсон хүчнээ зөвхөн ЗХУ-д (хуучин нэрээр) бэлтгэж иржээ. 1993 оноос тухайн чиглэлийн мэргэжилтэнийг ОХУ-д бэлтгэх боломжгүй болсноос үүдэн шүүх шинжилгээний (криминалистикийн) байгууллага хүний нөөцийн хомсдолд орж, улмаар үйл ажиллагаанд нь доголдол үүсэж эхэлсэн.

Дээрх байдлыг харгалзан 2003 онд Монгол Улсад анхны “Криминалистикийн шинжилгээ-эрх зүй” мэргэжлийн бакалаврын ангийг Цагдаагийн академид (хуучин нэрээр) нээж, өнөөдрийн байдлаар 6 удаагийн төгсөлтөөр дээд боловсролтой 150 шинжээчийг бэлтгэж Шинжлэн магадлах ухаан чиглэлийн хөтөлбөрөөр 26 магистрант амжилттай хамгаалсан байна. Одоогоор магистрын сургалтад 14 магистрант суралцаж байна. 

2016 оны байдлаар Монгол Улсад бэлтгэгдсэн криминалистикийн шинжээчдийн 25 орчим хувь нь хууль зүйн ухаанаар магистрын зэрэг хамгаалаад байна. Хууль зүйн магистрын сургалтын мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлд эрх зүйн салбарын хичээлүүд зонхилдог тул шүүх-шинжээчийн хувьд сонгон судлаж буй сэдэвтэй нь уялдаа холбоо муутай, магистрын судалгаа хийхэд ихээхэн хүндрэл учирсаар байна. Түүнчлэн шүүх-хими, шүүх-физик, шүүх-биологи, шүүх-эмнэлэгийн шинжээчид эрх зүйн дээд боловсролгүй гэсэн шалтгаанаар хууль зүйн магистрантурт элсэн суралцах боломжгүй  байгаа юм. Гэмт хэргийн гаралт байнга өсөх хандлагатай, үйлдлийн арга нь улам нарийн, технологи ашигласан, зохион байгуулалтын шинжтэй болж байгаагаас үүдэн гэмт явдалтай хийх тэмцэлд шүүх шинжилгээний байгууллагын үүрэг тэргүүн эгнээнд орж ирсэнтэй холбоотойгоор шүүх-шинжээчдийн боловсрол, мэргэжлийг ахиулах, шүүх шинжилгээ зүйд тулгамдаж буй асуудлыг тусгайлан судлах, шинжилгээний онол, арга зүйг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Ийнхүү шүүх шинжилгээ зүйн мэргэжлээр ахисан түвшиний сургалт явуулах болсноор дээр дурьдсан хүндрэл арилж, эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажил, салбар шинжлэх ухааны хүрээнд судалгаа хийх өргөн боломж нээгдэж байна. Энэ хөтөлбөр Шинжлэн магадлахуй судлалын төв, Шинжлэн магадлахуйн ухааны профессорын судалгааны баг, Цагдаагийн сургуулийн Шинжлэн магадлах ухааны тэнхимд түшиглэн зохион байгууллагддаг. 

 Цагдаа судлал

ЦАГДАА СУДЛАЛ /Police Studies/

“Цагдаа судлал-эрх зүй” мэргэжлийн хөтөлбөрийн зорилго нь сургалтын агуулга, хугацаа, үнэлгээ, суралцагч нарт тавих шаардлага, төгсөгчдийн мэдлэг ур чадвар, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг баталгаажуулж, магистрын боловсролтой судлаачдыг бэлтгэх сургалтын нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Цагдаа судлалын магистрын сургалт судалгааны ажил нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

а. Хууль сахиулах ажиллагаа- гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, шалгах, хуулийн хүрээнд хүч, хэрэгсэл, албадлага хэрэглэх, хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хамаарах техник, тактик, арга зүй;

б. Нийтийн хэв журам сахиулах үйл ажиллагаа- Иргэн, олон нийтийн амар тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, бусад эрх зүйн акт, түүний хэрэгжилтэнд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах стратеги, төлөвлөлт техник, тактик, арга зүй;

в. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа- Байгалийн болон хүний хүчин зүйлээс хамааралтай үүсэх онцгой нөхцөл байдал бий болсон үед иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах стратеги, төлөвлөлт, техник, тактик, арга зүй;

г. Гадаад орнуудын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа –дэлхийн тэргүүлэх орнуудын цагдаагийн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, техник, тактик, арга зүйг харьцуулан шинжихүй;

Монгол Улсад үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээ, түүний шалтгаан нөхцлийг судлан шинжлэхэд архидан согтуурахтай холбоотой гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо дийлэнх хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг зөрчих, түүнээс үүсэх хор хөнөөл улам нэмэгдэх хандлагатай байна.

Эндээс үзэхэд хууль сахиулах нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий алба хаагчидаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх өндөр мэдлэг, шинжлэх ухааны технологид үндэслэсэн шинэ арга тактик, арга зүйг чадварлагаар эзэмших, мэргэшсэн алба хаагч байхыг шаардаж байна.

Энэ нь албан хаагчдыг мэргэжлийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх, эрхэлж буй албаны төрөл мэргэжлээрээ мэргэших, боловсролын болон эрдмийн зэргээ ахиулах хэрэгцээ шаардлагыг бий болгож байна.

 Эдийн засгийн аюулгүй байдал

ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ.

Дэлхийн нийтэд эдийн засгийн либералчлал эрчимтэй явагдаж, эдийн засгаар хүчирхэг улс орны байдалд өөрчлөлт гарахын зэрэгцээ АНУ, Европын эдийн засгийн хямралууд үргэлжилсээр байна. Олон улсын судалгааны хүрээлэнгүүдээс ойрын 10 жилд шинжлэх ухаан технологийн хөгжил болон эдийн засгийн хямралаас болж хөгжил буурай орнуудаас устах /тусгаар тогтнолоо алдах/ боломж бий болсон гэж судалгааны тайлангуудад тусгасан байна. Манай улсад эдийн засгийн аюулгүй байдал чиглэлээр мэргэшүүлсэн сургалт байхгүй бөгөөд энэ хичээлийн  жилээс ХСИС-ын АШБС-д магистрын анхны элсэлтээ авч байна. Эдийн засгийн аюулгүй байдал чиглэлийн магистрын сургалтад эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн ажилтнууд, Цагдаа, Мөрдөх алба, Тагнуул, Авилгатай тэмцэх алба, Шүүх, Прокурор, Гааль, Мэргэжлийн хяналтын алба, Банкны ажилтнууд суралцах боломжтой юм. Түүнчлэн: Магистрын судалгааны ажлын хүрээнд олон улсын болон өөрийн орны эдийн засгийн хүрээний эрх зүйн орчин, олон улсын эдийн засгийн тогтолцоо, чиг хандлага, эрсдэл, эдийн засгийн арга механизм, эдийн засгийн гэмт хэрэг илрүүлэх, шалгах арга зүй, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт зэргийг судлаж, ач холбогдол бүхий санал, дүгнэлтийг гаргаж, практикт нэвтрүүлэхэд чиглэгдэнэ.

 Мэдээллийн аюулгүй байдал

Мэдээллийн аюулгүй байдал. Дэлхийн улс орнуудад болон манай улсад интернет хэрэглэгч, гар утас хэрэглэгч огцом, ихээр нэмэгдэж байна. Мэдээллийн аюулгүй байдлын хор уршиг нь хакерийн түвшинөөс хэтэрч зохион байгуулалттай гэмт хэрэг, цэрэг дайны зорилгоор улс орныг усгах түвшинд хүрэхийн зэрэгцээ дэлхийн улс орнуудад Кибер халдлагын тоо өдөр тутам нэмэгдэж байна. Дэлхийн томоохон улс орнуудаас мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт, судалгааны ажлуудыг дэмжих, санхүүжүүлэх боломж нэмэгдэж байна.

Монгол Улсад Мэдээллийн аюулгүй байдал индексээр ямар ч сургууль сургалт явуулж эхлээгүй бөгөөд энэ хичээлийн жилд ХСИС-ын АШБС.анхны магистрын элсэлтээ авч байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн ажилтнууд дийлэнх нь хуучнаар цагдаагийн дээд сургууль, цагдаагийн академи төгссөн байна. Мэдээллийн аюулгүй байдал чиглэлийн магистрын сургалтад Хууль сахиулах салбарын болон Батлан хамгаалах, цэргийн тагнуул, Тагнуулийн байгууллагын алба хаагч  нарыг хамруулах боломжтой юм. Магистрын судалгааны ажлын хүрээнд олон улсын болон өөрийн орны мэдээллийн аюулгүй байдлын бодлого, эрх зүйн орчин, Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо, чиг хандлага, эрсдэл, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг илрүүлэх, шалгах арга зүй, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, шинэ технологи зэргийг судлаж, онолын болон практик ач холбогдол бүхий санал, дүгнэлтийг гаргана.

 

Буцах