Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхим

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  албаны тэнхим нь тэнхимийн эрхлэгч, хошууч Д.Мягмарсүрэн, ахмад О.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар явуулж байгаа “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалт нь Чадамжид суурилсан модуль сургалтын хөтөлбөрөөр  нийт 512 цагийн багтаамжтайгаар 3 сарын  хугацаанд онол 30, дадлагын сургалт 70 хувийн харьцаатайгаар сургалтыг явуулж байна. 

Дээрх мэргэжлээр сургалтад хамрагдахаар ШШГЕГ-ын судалгаанд хамрагдаж, боловсон хүчинд тавигдаж байгаа шаардлагад нийцсэн иргэдээс ХСИС-ийн элсэлтийн журамд заасны дагуу ШШГЕГ-ын санал болгосноор 2-3 удирдах албан тушаалтныг оролцуулан элсэлтийн шалгалтыг зохион байгуулж, иргэдээс бие бялдар, сэтгэн бодох чадвар, монгол  хэл, найруулга зүйн шалгалт авч сургалтын үйл ажиллагааг явуулдаг.

 Мэргэжлийн сургалтад дараах хичээлүүд багтаж байна. Үүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа, Мэргэжлийн ёс зүйн ойлголт, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаа, Холбооны бэлтгэл, телекамерийн хяналт, Амьдрах ухаан, Албан хэрэг хөтлөлт, Хорих байгууллага дахь хүний эрхийн ойлголт, Албаны тусгай бэлтгэл /Бие хамгаалах бэлтгэл, Галын бэлтгэл, Нэг бүрийн тусгай хэрэгсэл/, Хорих ангийн харуул хамгаалалтын тактик ажиллагаа, Хорих ял эдлүүлэх тактик ажиллагаа, Хоригдогчийг баривчлах, цагдан хорих ажиллагаа, Мэргэжлийн сэтгэл судлалын тухай ойлголт, Цэргийн хэргийн үндэс зэрэг хичээлүүдийг багшийн заах арга зүй, ур чадварт тулгуурлан мэргэшүүлэн сурган төгсгөж, Чадамжийн гэрчилгээ, энгэрийн тэмдэг олгодог.

Суралцагчдын онолын мэдлэгийг бататгах, мэргэжлийн ур чадвар суулгах, зөв хандлага төлөвшүүлэх үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлын хамтарсан тушаал, удирдамжийн дагуу танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг хотын бүсийн хорих ангиуд, /жир, чанга дэглэмтэй/ болон цагдан хорих төвд нийт 21 хоногийн хугацаатайгаар хийлгэж, багш нар нь суралцагчид дадлагаа хэрхэн хийж байгааг шалгаж, заавар зөвлөгөө өгч,  хорих ангийн удирдлагуудтай уулзаж дадлагын ажлын явц, цаашид дадлагын ажлын талаар санал, бодлоо солилцож ажиллаж байна.

Мөн суралцагчдад танхимын бус цагаар суралцагчдын бие бялдар, өв тэгш хүмүүжил олгох хөгжүүлэх, усны аюулаас өөрийгөө болон бусдын амь насыг аврах чадвар олгох үүднээс Нийслэлийн усан сургалтын төвтэй хамтран усанд сэлэлтийн анхан шатны сургалтыг зохион байгуулдаг. Сургалтын хугацаанд танхимын бус цагаар суралцагчдад мото бэлтгэлийн сургалтыг явуулж мотоцикл барих “А” ангиллын үнэмлэх олгодог.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН АЛБАНЫ АХЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ

Буцах