Шинжлэн магадлахуйн институт

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/273 дугаар тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтцэд Шинжлэн магадлахуйн институтыг бие даасан нэгж болгон байгуулсан.

Алсын хараа: Шинжлэх ухааны тусгай мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч мэдлэг, оюуны төв байна.

Эрхэм зорилго: Тусгай мэдлэгтэй, туршлагатай, эрдэмжсэн шинжээч бэлтгэх замаар шинжлэн магадлахуйн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн нэгдлийг хангана.

Шинжлэн магадлахуйн институт нь Хууль сахиулахын их сургуулийн нэгдсэн бодлого, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд их сургуулийн алсын хараа, эрхэм зорилготой уялдуулан үйл ажиллагааны чиглэл, цар хүрээнээсээ хамаарч дараах байдлаар хөгжлийн үзэл баримтлал, стратегийн зорилтыг тодорхойлж байна. 

Шинжлэх ухааны тусгай мэдлэг бүхий шинжээч, мэргэжилтэн бэлтгэх,  судалгааны сургууль болж хөгжихийн тулд “3Е=Expert” гэсэн суурь үзэл баримтлалд тулгуурлана.

3Е гэдэг нь “Educate”, “Experience”, “Evolve” гэсэн 3 үгийн товчлол.

“Educate - бүх шатны боловсрол олгох”. Хоорондоо залгамж холбоо бүхий бакалавр, төгсөлтийн дараах мэргэшүүлэх, давтан сургалт, магистр, докторын шаталсан сургалтын хөтөлбөрөөр шинжээч, мэргэжилтэн бэлтгэнэ. Үүний үр дүнд шинжлэн магадлахуйн чиглэлийн насан туршийн боловсролын тогтолцоо бий болно.   

 “Experience – туршлагажих”. Шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажил нь шинжээчийн эзэмшсэн мэдлэгээс гадна туршлага ихээхэн шаардлагатай байдаг тул “Лабораторид суурилсан сургалтын арга зүй”-гээр дамжуулан туршлагыг бий болгоно.

“Evolve – хөгжих”. Шинжээч нь шинжлэх ухаан, нийгмийн хувьсал өөрчлөлтинг зүй тогтлыг мэдэрч, дагаж хөгжих чадвартай байх шаардлагатай байдаг. Энэ хандлагыг төлөвшүүлэх зорилтыг хөтөлбөртөө тусгана. 

Гурван Е-г хэрэгжүүлж тусгай мэдлэгтэй, хөгжих чадвартай, туршлагатай “еxpert”-ийг бэлтгэснээр бидний эрхэм зорилго биелэнэ.

Стратегийн зорилт. Шинжлэн магадлахуйн институт эрхэм зорилгоо ханган биелүүлэхийн тулд 2018-2032 он хүртэл 3 үе шат бүхий стратегийн зорилтыг дэвшүүлж байна.

 

Стратегийн 1 дүгээр зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ

Бакалаврын сургалтын хөтөлбөрт чанарын үнэлгээ хийх замаар шинжээч бэлтгэх онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулж, төгсөгчдийн чанарт ахиц гаргана.

Энэ зорилтын хүрээнд 2018-2022 онд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  • Захиалагч байгууллагын эрэлт, хэрэгцээг харгалзан элсэлтийг тасралтгүй зохион байгуулахын тулд жил бүр 15-20 суралцагчийг элсүүлдэг байна. Элсэгчдэд тавих тусгай шалгуурыг шинэчлэнэ.
  • Шинжлэн магадлахуй, байгалийн ухаан, инженер-техникийн мэдлэгтэй, туршлагатай хүний нөөцөөр багшлах бүрэлдэхүүнийг бүрдүүлнэ.
  • Суурь шинжлэх ухаан болон шинжлэн магадлахуйн төрөлжсөн лабораториуд байгуулж, судалгаанд суурилсан сургалтын үндсийг бүрдүүлнэ.  
  • Лабораторид түшиглэсэн сургалтын арга зүй боловсруулж, шаталсан, тасралтгүй буюу насан туршийн боловсрол олгох багц хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлнэ.
  • Байгалийн ухаан, инженер-техникийн их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, шинжээчдийн тусгай мэдлэгийг суурь шинжлэх ухаанаар нарийсгана.   

 

Стратегийн 2 дугаар зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ

Багшлах бүрэлдэхүүнийг эрдэмжүүлж, салбартаа тэргүүлэх, эрдмийн зэрэгтэй профессор багшийн удирдлага дор сургалтыг зохион байгуулна.

Энэ зорилтын хүрээнд 2023-2027 онд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  • Эрдмийн зэрэгтэй, туршлагатай профессор багш нарын баг бүрдүүлнэ.
  • Лабораториудын үйл ажиллагаа бэхжиж, тодорхой оюуны сүлжээ үүсгэнэ. 
  • Шинжилгээний шинэ арга, технологийг туршин судалж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. 
  • Профессор багш нар давтан болон бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.
  • Лабораторид профессор багшийн удирдлага дор бакалавр, магистр, докторын сургалтыг уялдуулан зохион байгуулна. 
  • Олон улсын инпакт фактор бүхий сэтгүүлд судалгааны үр дүнг тогтмол нийтлүүлдэг байна. 

 

Стратегийн 3 дугаар зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ

Сургалтын лабораториос судалгааны лабораторид шилжиж, улмаар судалгааны их сургуулийн загварыг бий болгоно.

Энэ зорилтын хүрээнд 2028-2032 онд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  • Судалгааны гол чиглэлүүдээр орчин үеийн лабораторийн бааз байгуулна. 
  • Судалгааны их сургуулийн загварыг бий болгоно.
  • Олон улсад сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлнэ. 
  • Олон улсын оюуны сүлжээ үүсгэнэ. 

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Сургалт. “Шүүх шинжилгээ-хууль сахиулах ажил” бакалаврын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Цагдаа-хууль сахиулах ажил”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил”, “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба”, “Эрх зүй” гэсэн бакалаврын хөтөлбөрт криминалистик, шүүхийн шинжилгээний чиглэлийн хичээл зааж байна.  

Мөн “Шинжлэн магадлах ухаан” магистрын болон докторын сургалтын хөтөлбөр, “Хууль сахиулахын удирдлага” магистрын хөтөлбөрт мэргэжлийн хичээл зааж, магистрант, докторантын судалгааны ажлыг удирдан чиглүүлдэг. 

Эрдэм шинжилгээ, туршилт. Шинжлэн магадлахуй, криминалистикийн суурь, хавсрага болон бодлогын судалгаа явуулах, шинэ мэдлэг бүтээхийн тулд сонсогч, магистрант, докторантуудыг лабораторийн нөхцөлд дагуулан сургаж туршилт-судалгаа хийж байна. Профессор багш нар институтын судалгааны чиглэлээс гадна өөрсдийн мэргэшсэн шинжилгээ, заадаг хичээлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил эрхэлж, хийсэн судалгааныхаа үр дүнг олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх, сэтгүүлд нийтлүүлэх, түүнчлэн ном, гарын авлага, сурах бичиг туурвих зэргээр нийтийн хүртээл болгодог.  

 “Шинжлэн магадлахуйн инноваци” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.   

Үйлдвэрлэл. Шинжилгээ хийлгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр криминалистикийн болон бусад төрлийн давтан, бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, улмаар шүүхийн шинжилгээний практик судлалыг хөгжүүлж байна.   

Хамтын ажиллагаа. Шүүхийн шинжилгээ, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн криминалистикийн тусгай мэдлэгтэй хүний нөөцийг бүрдүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна.

Буцах