Мэндчилгээ

Хууль сахиулахын их сургуулийн цахим хаягт зочлон бидний эрдэм судпалын үйл ажиллагааны ололт амжилттай танилцахын сацуу сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэхэд өөрийн үнэтэй санал, зөвлөгөөг өгч хамтран ажилладаг Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилж байна.

Хууль сахиулахын удирдлагын академи нь анх Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар тухайн үеийн Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд анх байгуулагдсан түүхтэй бөгөөд өнөөг хүртэлх хугацаанд манай хамт олон хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын удирдах албан тушаалтныг мэргэшүүлэх сургалтын тогтолцоог үе шаттайгаар хөгжүүлэх эрхэм зорилгыг өмнөө тавин ажиллаж байна.

Хууль сахиулахын удирдлагын академийн бүтэц, сургалтын үйл ажиллагааны онцлог, давуу талын талаар мэдээлэл авахыг хүссэн хэн боловч манай цахим хуудасны бусад хэсэгт нэвтрэн авах, эсхүл бидэнд тусгайлан хандан авах боломж бүрэн нээлттэй болохыг танд сонордуулья.

Тус академийг байгуулагдсан цаг үеэс удирдахуйн ухааны болон хууль сахиулах мэргэжлийн удирдлагын чиглэлээрх сургалт, эрдэм шинжилгээний ажлыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд үе үеийн Их сургуулийн удирдлага болон эрдэмтэн багш нарын хичээл зүтгэл ихээхэн хувь нэмрээ оруулсаныг онцлон тэмдэглэж байна.

Бид өнгөрсөн цаг хугацаанд бий болгосон ололт амжилтаа уламжлан хадгалахын зэрэгцээ тасралтгүй хөгжин өөрчлөгдөж буй нийгмийн харилцааны эрэлт, хэрэгцээнд суурилан дунд болон богино хугацааны хөгжлийн стртаеги төлөвлөлтийг боловсруулан ажиллаж байна. Орчин цагийн удирдахуйн шинжлэх ухааны онол хандлага, шилдэг арга зүйг аюулгүй байдал, хууль сахиулах мэргэжлийн үйл ажиллагааны хөгжилтэй хослуулан сургалтын бодлого, чанарыг чамбайруулах нь бидний нэн тэргүүний зорилт болоод байна.

 Хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын улс орны аюулгүй байдлыг хангах, нийгмийн хөгжлийг дэмжихэд гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн цаг үед удирдах албан тушаалтныг чадавхжуулах сургалтыг олон хувилбарт хэлбэрт шилжүүлэхийн хажуугаар сургалтын хөтөлбөрийн чанар, агуулгыг сайжруулах, суралцагсдад өөрийн хэрэгцээнд тулгуурлан стратегийн дамжаа, удирдахуйн ухааны судалгааны болон мэргэжлийн магистрын гараг, улирал, өдрийн хөтөлбөр, модуль сургалтын хөтөлбөрөөс сонголт хийх боломжийг нээж өгөх зэрэг ажлуудыг эхлүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн шинээр батлагдан 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, шинэлэг зохицуулалтын дагуу төрийн албан хаагчдыг чадахуйн зарчимд суурилан шатлан дэвшүүлэх, мэргэшүүлэх сургалтанд хамруулах буюу тогтмол чадавхжуулах зарчмыг улс орон даяар хэрэгжүүлэхэд тус академийн үүрэг оролцоо шаардлагатай байгаа тул зохион байгуулалтын тодорхой шийдлүүдийг гаргаад байна.

Хууль сахиулахын удирдлагын академийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг дээшлүүлэх, үе шаттайгаар хөгжүүлэхэд профессор, багш бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, хандлага, хувийн хөгжил голлох үүрэгтэйг ухамсарлан, багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд, Сургалт, чанарын алба, Багшийн хөгжлийн төв түүнчлэн гадаад, дотоодын ижил төстэй сургалт, судалгааны байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх явдлыг бидний бас нэгэн чухал зорилт болгон ажиллаж байна.

Та бүхнийг Хууль сахиулахын удирдлагын академийн сургалт, эрдэм шинжилгээний бодлого, үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахыг хүсэхийн ялдамд эрдмийн болон хууль сахиулах үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН

ХУУЛЬ САХИУЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ЗАХИРАЛ,

ЦАГДААГИЙН ХУРАНДАА П.БАТБААТАР

Буцах