ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Нэг. Үндэслэл:

1.1.Монгол Улсын Хууль зүйн яамны харьяа Хууль сахиулахын их сургуулийн “Сургалтын үйл ажиллагааны үзэл баримтлал” нь сургалтын зорилго, агуулга, арга зүй, орчин, чиг хандлагыг тодорхойлох үндэс болно.
1.2.Их сургуулийн сургалтын үйл ажиллагаанд Монгол Улсын болон олон улсын дээд боловсролын хөгжлийн чиг хандлага, боловсон хүчин захиалагч агентлаг, байгууллагын эрэлт хэрэгцээ, холбогдох хууль, тогтоомж, боловсрол олгох нийгмийн харилцааг зохицуулахаар батлагдсан бусад баримт бичгүүдэд заасан зарчмыг удирдлага болгоно.
1.3.XСИС-ийн “Сургалтын үйл ажиллагааны үзэл баримтлал” нь сургалтын үйл ажиллагааны чиг хандлага, тогтолцоо, сургалтын үйл ажиллагаанд оролцогч, технологи, агуулга, орчин, арга зүй, үнэлгээ гэсэн харилцан уялдаа бүхий хэсгүүдээс бүрдэнэ. “Сургалтын үйл ажиллагааны үзэл баримтлал” нь Их сургуулийн “Үнэт зүйлс”-ийг эрхэмлэн баримталж, “Чиг үүрэг”-ийг хэрэгжүүлэх замаар “Эрхэм зорилго”, “Алсын хараа”, “Хэтийн чиглэл”-ийг хангах үйл ажиллагааг сургалтын хүрээнд тодорхойлогч шинжтэй байна.
1.4.Их сургуулийн сургалтыг “Хууль зүй”, “Цэргийн ухаан”, “Хил судлал”-ын шинжлэх ухааны болон “Шүүхийн шинжилгээ зүй”, “Гамшиг судлал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал”, “Цагдаа судлал”-ын онол, зарчим, зүй тогтлын хүрээнд ялгамжтай зохион байгуулна.

Хоёр. Зорилго

2.1.Төрийн тусгай албаны мэргэжлийн өндөр боловсрол, цогц чадамж бүхий,  үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэн гаргах ХСИС-ийн эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зорилгыг хангахад оршино.
2.2.Сургалтын зорилгыг хангахын тулд дараах гурван зорилтод хуваан авч үзнэ.
2.2.1.Суралцагчийн оюуны чадавх, үндэсний эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх;
2.2.2.Амьдрал, ажил, албанд хэрэгцээтэй мэдлэг, дадал, чадварыг олгох;
2.2.3.Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйг эзэмшүүлэх тус тус болно

Гурав. Сургалтын үйл ажиллагааны чиг хандлага

3.1.Сургалтын үйл ажиллагаанд онолын мэдлэг олгох ба чадваржуулах чиглэлийг сургалтын төвшин бүрт зохистой харьцааг бүрдүүлэн явуулах чиг хандлагыг баримтална.
3.1.1.Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг онолын мэдлэг, чадвар 30%, практик дадлага 70%;
3.1.2.Бакалаврын боловсрол олгох сургалтыг онолын мэдлэг, чадвар 60%, практик дадлага 40%;
3.1.3.Mагистрын төвшний мэргэжлийн боловсрол олгох сургалтыг онолын мэдлэг, чадвар 70%, практик дадлага 30% гэсэн харьцааг тус тус баримтална.

Дөрөв. Сургалтын нэгдсэн тогтолцоо

4.1.Их сургууль нь Төрийн тусгай албаны мэргэжлийн боловсролыг эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагааны харилцан нягт уялдаа холбоотойгоор дараах шаталсан хэлбэрээр эзэмшүүлнэ.
4.1.1.Төрийн тусгай албанд ажиллах хүсэл, сонирхолтой сурагчдад гүнзгийрүүлсэн мэдлэг олгох сургалтыг нийслэл, орон нутгийн бүрэн дунд боловсролын сургуулиудыг түшиглэсэн “Ахлах сургууль”-иар, Их сургуулийн бүрэлдэхүүний ерөнхий боловсролын “Ахлах сургууль”-иар тус тус зохион байгуулна.
4.1.2.Мэргэжлийн боловсрол олгох сургалт:
4.1.2.1.A.Ахлагчийн сургуульд элсэгчдэд тавих шалгуурыг боловсон хүчин захиалагч агентлаг, байгууллагууд хэрэгцээ шаардлага, хүний нөөцийн дүрэм, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу  ялгамжтай тогтоож, элсэгчдийн боловсролын төвшингөөс хамаарч суралцах хугацааг 3-6 сарын хугацаагаар;
Б. Бүрэн дунд боловсролтой иргэдэд бакалаврын өмнөх хэлбэрээр “Мэргэжлийн боловсрол” олгох сургалтыг Ахлагчийн сургуулиар 10 сарын хугацаагаар;
4.1.2.2.Ахлагчийн сургууль төгсөгчид болон Төрийн тусгай албанд ажиллагсдад “ХСИС-ийн сургалт явуулах тусгай зөвшөөрөл”-ийн дагуу боловсон хүчин захиалагч агентлаг, байгууллагуудын суурь мэргэжлүүдээр 2 жил, мэргэшүүлэх мэргэжлийн чиглэлээр үргэлжлүүлэн 2 жилээр зохион байгуулагдах бакалаврын зэрэг олгох сургалтыг  бүрэлдэхүүн сургуулиудаар нийт 4 жилийн хугацаагаар;
4.1.2.3.Их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн, тухайн мэргэжлийн албанд тодорхой хугацаанд, зохих албан тушаалд ажиллаж буй офицеруудад  магистрын боловсролын төвшний мэргэжил олгох сургалтыг Удирдлагын сургуулиар 2 жилийн хугацаагаар тус тус зохион байгуулна.
4.1.3.Мэргэшүүлэх ба давтан сургалт:
4.1.3.1.Удирдах ажилтны албан тушаалын мэргэшүүлэх сургалтыг Удирдлагын сургуулиар 3 сарын хугацаатайгаар;
4.1.3.2.Бүрэлдэхүүн сургуулиудын төгсөгчдийг тухайн мэргэжлийн чиглэлээр давтан, албан тушаалын мэргэшүүлэх сургалтыг 1 сараас дээш хугацаагаар тус тус явуулна.
4.1.4.Боловсролын зэрэг дээшлүүлэх сургалт:
4.1.4.1.ХСИС-ийн “Сургалт явуулах тусгай зөвшөөрөл”-д заагдсан чиглэлүүдээр магистр, докторын төвшний сургалтыг тус тус зохион байгуулна.
4.1.5.Боловсон хүчин захиалагч агентлаг, байгууллагуудын салбар нэгжүүдийн орон нутаг дахь байршил, албаны болон албан хаагчдын эрэлт хэрэгцээтэй уялдсан сургалтыг “Бүсийн сургалтын төв”-үүдээр зохион байгуулна.

Тав. Сургалтын үйл ажиллагаанд оролцогчид

5.1.Их сургуулийн нийт бие бүрэлдэхүүн нь “Судлаач-багш-суралцагч-дэмжигч” гэсэн хэлбэрээр сургалтын үйл ажиллагаанд оролцогч байна.
5.1.1.“Судлаач” нь Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Хууль зүй, Цэргийн, Хил судлалын шинжлэх ухааны болон Онцгой байдлын салбарын онолын ба хавсарга судалгааны ажил эрхэлж, Төрийн тусгай албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох, хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлогч байна.
5.1.2.“Багш” нь Төрийн тусгай албаны үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдлэгийг бүтээх сургалтыг төлөвлөх, хөтлөх, хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөх, үр дүнг үнэлэх үйл явцыг зохион байгуулагч байна.
5.1.3.“Суралцагч” нь Төрийн тусгай албаны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг цогцлоон бүтээж, эзэмшигч байна.
5.1.4.“Дэмжигч”  нь сургалтын үйл ажиллагааг удирдлага, материал техник, хэрэгслээр хангах, орчин нөхцлийг бүрдүүлэх чиг үүрэг бүхий албан хаагчид байна.
5.2.Их сургуулийн сургалтын үйл ажиллагаанд оролцогчдыг бэлтгэх, эрдэмжүүлэх, чиг үүрэгтэй холбоотой арга зүй эзэмшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэгдсэн орчныг бүрдүүлсэн байна.

Зургаа. Сургалтын технологи

6.1.Их сургууль нь үндэсний өв, уламжлалд суурилсан, олон улсын шилдэг ололт амжилтыг тусган нутагшуулсан Төрийн тусгай албаны мэргэжил олгох сургалтын онцлогт нийцсэн сургалтын технологитой байна.
6.2.Сургалтын технологи нь сургалтын үр дүн болон орчны хувьсалд тасралтүй үнэлгээ хийж, сургалтын зорилго, үйл ажиллагааг дахин тодорхойлох эргэх холбоотой байна.
6.3.Сургалтын технологи нь мэргэжил олгох “Сургалтын өмнөх”, “Сургалтын явцад”, “Сургалтын дараах” гэсэн харилцан хамааралтай 3 хэсгээр  тодорхойлогдно.
6.3.1.“Ахлах сургууль”-ийн хүрээнд нийгмийн ухааны гүнзгийрүүлсэн мэдлэг олгох, бие бялдар, албанд ажиллах хүсэл, сонирхлыг хөгжүүлэх үйл ажиллагаа “Сургалтын өмнөх”  хэсэгт;
6.3.2.Төрийн тусгай албаны мэргэжлийн стандарт, загварт нийцсэн мэдлэг чадварыг эзэмшүүлэх үйл ажиллагаа “Сургалтын явцад” хэсэгт;
6.3.3.Төгсөгчдийг харьяа агентлаг, байгууллагын томилгоот албан тушаалд дадлагажих, дасан зохицох, эзэмшсэн мэдлэгээ хэрэглээ болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа “сургалтын дараах” хэсэгт тус тус хамаарна.

Долоо. Сургалтын агуулга

7.1.Сургалтын агуулгыг ХЗЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын өнөөгийн эрэлт хэрэгцээ, шаардлага, хэтийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, нийгмийн болон салбар шинжлэх ухааны ололт амжилттай нийцүүлэн судалгаанд суурилан бүтээж, тасралтгүй шинэчлэн хөгжүүлэхэд чиглүүлнэ.
7.2.Их сургуулийн мэргэжил олгох сургалтын агуулгын багтаамж нь сургалтын хугацаанд өсөх эрэмбэтэй байна.

Найм. Арга зүй

8.1.Их сургууль нь Сургалтын чиг хандлага, зорилго, агуулга, технологи болон боловсрол судлалын шинжлэх ухааны хууль, зүй тогтол, зарчимтай нийцсэн сургалтын үйл ажиллагаанд оролцогчдын хамтын ажиллагаагаар сургалтын үр дүнг бий болгоход чиглэгдсэн зарчим, арга, аргачлалыг цогцоор тодорхойлсон “Сургалтын арга зүй”-тэй байна.
8.2.Сургалтыг суралцагсдад цогц чадамж эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдсэн хичээл хоорондын харилцан уялдаа, логик дарааллын эрэмбэ бүхий цогцолбор хэлбэрээр зохион байгуулна.
8.3.Сургалт нь ойлголтын энгийнээс хүнд рүү, ерөнхийгөөс тодорхой руу гэсэн дарааллын зарчмаар суралцагчийн өмнөх мэдлэг дээр суурилан өргөжүүлэн гүнзгийрүүлэх хэлбэрээр явагдана.

Ес. Орчин

9.1.Их сургуулийн сургалтын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үр бүтээлтэй явуулах нөхцлийг хангахад чиглэгдсэн “Эрх зүй”, “Арга зүй”, “Материаллаг” гэсэн цогц орчин, нөхцлийг бүрдүүлсэн байна.
9.1.1."Эрх зүйн орчин”-ыг сургалттай холбогдсон нийгмийн харилцааг зохицуулахад чиглэгдсэн нийтлэг хэм хэмжээнд нийцүүлэн, багш суралцагчийг хөгжүүлэх, эрдэмтэн, судлаачдын бүтээлийг бүх талаар дэмжихэд;
9.1.2.“Арга зүйн орчин”-ыг дотоод, гадаадын сургалтын байгууллагууд, эрдэмтэн судлаач, багш, суралцагчдын ололт амжилт, арга туршлагыг харилцан суралцах нөхцлийг хангахад;  
9.1.3.“Материаллаг орчин”-ыг багш, суралцагчдын мэдлэг бүтээх үйл явцыг хангахуйц ном, бүтээл, эх сурвалжууд болон мэдлэг, дадлага, чадварыг бататган хөгжүүлэх лаборатори, дадлагын цогцолбор, сургалт үйлдвэрлэлийн төвийг бий болгоход чиглүүлэн тус тус бүрдүүлнэ.

Арав. Үр дүн, үнэлгээ

10.1.Их сургууль нь сургалтын үр дүнг агуулга, хугацаа, сургалтын үе шат тус бүрээр хүрсэн байх төвшинг тодорхойлох шаталсан үнэлгээний системтэй байна.
10.2.Төрийн тусгай албаны мэргэжил олгох, мэргэшүүлэх, давтан сургалтын иж бүрдэл нь Их сургуулийн өмч байна.
10.3.Сургалтын үйл ажиллагаанд оролцогчдыг дэмжих, биет ба биет бус урамшууллын нэгдсэн системтэй байна.
10.4.Энэхүү баримт бичгийн агуулга, хэрэгжилтэд 7 жил тутамд үнэлгээ хийж, тодотгол оруулах асуудлыг Их сургуулийн эрдмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Буцах