Хууль сахиулахын удирдлагын академийн сургалт

Хууль сахиулахын удирдлагын академи нь захиалагч байгууллага болон суралцагчдын хэрэгцээ, шаардлагыг харгалзан сургалтын агуулгыг баяжуулах, зохион байгуулалт, арга зүй, технологийг боловсронгуй болгох, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, суралцагчдад шинжлэх ухааны үндэслэлтэй онол, арга зүйн мэдлэг, чадварыг олгох, хандлагыг төлөвшүүлэх, багшийг чадваржуулах, эрдэмжүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна.

Хууль сахиулахын удирдлагын академи нь Боловсрол, шинжлэх ухааны  яамнаас “Цагдаагийн удирдлага, стратеги-тактик” (мэргэжлийн индекс E864201), “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратеги-тактик” (мэргэжлийн индекс Е864202), “Онцгой байдлын байгууллагын удирдлага, стратеги-тактик” (мэргэжлийн индекс Е864204), “Хил хамгаалалтын стратеги-тактик, команд штаб” (мэргэжлийн индекс Е864203) мэргэжлүүдээр сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд дээрх мэргэжлүүдээр үндсэн ангид харъяа агентлагуудын удирдлагын нөөц бүрдүүлэх бодлогын хүрээнд сонгон шалгаруулалтаар элсүүлэн авсан ажилтныг 2 жилийн хугацаанд, ажлаас бүрэн чөлөөлөн сургаж, удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалуулан “Цагдаагийн удирдлага, стратеги-тактик” “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратеги-тактик” “Онцгой байдлын байгууллагын удирдлага, стратеги-тактик”  “Хил хамгаалалтын стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжлийн дипломтойгоор төгсгөнө.

Хууль сахиулахын удирдлагын академийн үндсэн ангид суралцагч нь цагдаагийн байгууллагад  хэлтэс, газрын дарга, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хэлтэс, газрын дарга, хорих ангийн дарга, онцгой байдлын байгууллагад хэлтэс, газрын дарга, аврах, гал унтраах ангийн дарга, хил хамгаалах байгууллагад хилийн тусгай ангийн захирагч, штабын даргын албан тушаалд бэлтгэгдэнэ. Хууль сахиулахын удирдлагын академийн сонсогч нь цол, дүрэмт хувцас, цалингийн хангалтыг эдэлнэ. Тус академи нь төгсөгчийн энгэрийн тэмдэгтэй байна.

Хууль сахиулахын удирдлагын академи нь мэргэжлийн диплом, магистрын зэрэг олгох үндсэн сургалтаас гадна удирдах ажилтныг давтан сургах “Стратегийн дээд дамжаа”, шинээр албан тушаалд томилогдсон ажилтныг сургах “Албан тушаалын дамжаа”-г хичээллүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Стратегийн дээд дамжаа нь хэлтэс, газрын даргын албан тушаалд нэгэнт томилогдон тодорхой хугацаагаар ажиллаж буй алба хаагчдыг удирдахуйн арга барилд давтан сургах хэлбэрээр, эсвэл тодорхой чиглэлээр, жишээлбэл, “Гамшгийн болон онцгой нөхцөл байдал дахь цагдаагийн (шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн, хил хамгаалах байгууллагын) удирдлага”, “Терроризм ба төрийн тусгай албад” г.м. сэдэвчилсэн байдлаар зохион байгуулагдана.  Мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны удирдах ажилтны, эрүүгийн цагдаагийн удирдах ажилтны, эсвэл хэв журмын албаны удирдах ажилтны, хорих байгууллагын удирдах ажилтны, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн, хил хамгаалах байгууллагын гэх зэргээр захиалгат сургалтыг төрөлжүүлэн зохион байгуулж болно. Стратегийн дээд дамжаа төгсөгчдөд  “Гэрчилгээ” олгоно.

Албан тушаалын дамжаанд харъяа агентлагын газар, хэлтсүүдэд (хорих болон хилийн тусгай ангийн дарга, захирагч) шинээр албан тушаалд дэвшин ажиллах болсон ажилтныг богино хугацаатай сургаж, удирдахуйн арга барил, тухайн байгууллагын бодлого, үйл ажиллагааны журамуудтай танилцуулах юм. Албан тушаалын дамжаа төгсөгчдөд “Гэрчилгээ” олгоно.

Буцах