Мэндчилгээ

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургууль нь анх 1934 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Дотоодыг хамгаалах газрын даргын 687 дугаар тушаалаар сургуулийн захирлыг томилон орон тоог баталснаар  “Төв сургууль” нэртэйгээр гал голомтоо асааж ирсэн намтар түүхтэй сургууль юм.

НАХЯ-ны шийдвэрээр 1992 онд “Цагдаагийн дээд сургууль”, Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар тогтоолоор  Цагдаагийн академи, 2011 оноос Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, 2012 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургууль болсон.

Цагдаагийн сургууль нь мэргэжлийн 5 тэнхим, 58 багш, алба хаагч, 36 ангийн 1104 сонсогчтой, 115 төрлийн хичээл, Цагдаагийн ажил-эрх зүй, Цагдаа-хууль сахиулах ажил, Криминалистикийн шинжилгээ-эрх зүй, Шүүхийн шинжилгээ-хууль сахиулах ажил гэсэн 4 бакалаврын хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын “Хууль сахиулахын их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 240 дүгээр тогтоолын нэгдүгээр зүйлийн “а”-д “Хууль сахиулахын их сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулга болон сургалтын чанар, орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн сайжруулах” тухай заасны дагуу Цагдаагийн мэргэшсэн алба хаагч бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө, Цагдаагийн сургуульд суралцагч элсүүлэн суралцуулах журмыг Хууль зүйн сайдаар батлуулсан.

Эдгээр хөтөлбөр, журамд нийцүүлэн цагдаагийн алба хаагчийг бэлтгэх сургалтыг “хоёр шатлалтай сургалтын тогтолцоонд шилжүүлэх” сургалтын хөтөлбөрийг 2,5+1,5, 1+1 хэлбэрээр шинэчлэн батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.

Профессор, багш нар Гэмт хэрэг илрүүлэхүйн ухааны, Гэмт явдал судлалын, Шинжлэн магадлахуйн ухааны, Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын профессорын багт харьяалагдан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.

Манай хамт олон төгсөгчдөө хүний эрх, шударга ёсыг дээдэлдэг, эх оронч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, албаны ёс зүй, бие бялдар, сэтгэл зүйн бүрэн төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай дээд боловсролтой иргэн болгоход анхааран ажиллаж байна.

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, суралцагчид та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж, ажил хөдөлмөр, сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ,

ДОКТОР (Ph.D), ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.БОЛДБААТАР 

Буцах